Хүүхдийн мөнгийг 20.000 болгоно
Нийгмийн баялгийг хүүхдээр нь дамжуулж өрх гэрт хүргэх, хүүхдийн ирээдүйг баталгаажуулах бодлогыг дэмжиж ажиллана. Хүүхдийн мөнгийг сар бүр 20 000 төгрөг болтол нэмэгдүүлэх бодлого баримтална.
Малчдын өгдөг бүтээгдэхүүний үнэ унаж, авдаг барааны үнэ өсч байгаа шударга бус байдлыг өөрчилнө. Мал аж, ахуйн гаралтай бүтээгдэхүүн, нэн ялангуяа ноолуурын худалдааг чөлөөтэй болгож, ноолуурт тавьсан татварыг өөрчилнө.
Малчдын зүгээс банкинд тавьсан зээлийн хугацааг сунгах, хүүг хөнгөлөх талаар төрөөс анхаарч ажиллана.
Иргэн бүрт 2.5 сая
Эх орны хишиг 1,5 сая төгрөг, Эрдэнийн хувь 1 сая төгрөгийг эх орныхоо баялгаас эзэмших эрхийг ард иргэддээ олгоно. МАХН, АН-ын нийтдээ 2,5 сая төгрөгийн амлалтыг хэрэгжүүлнэ.
Төрийн албан хаагчид, эх орныхоо өмнө тангараг өргөсөн тусгай албан хаагчид болон багш, эмч нар, цалингаас бусад орлогогүй иргэдэд зориулсан орон сууцны үндсэн хөрөнгийн, машин худалдан авахад зориулсан урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн тогтолцоо бий болгоно.
Эхийн алдар одонгийн болзлыг зөөлрүүлж, зургаан хүүхэдтэй эхчүүдэд нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэдтэй эхчүүдэд хоёрдугаар зэргийн одон олгодог болно. Эхийн алдар одонгийн мөнгийг нэмнэ.
Иргэдээ мэргэжилтэй, ажилтай болоход нь тусална. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, жижиг дунд үйлдвэрийн техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн багаж хэрэгслийг оруулж ирэхэд нь гаалийн татвараас чөлөөлнө. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бойжуулах төвийг хүн ам олноор төвлөрсөн газруудад байгуулж, эхний ээлжинд татварын болон түрээсийн дарамтаас бүрэн чөлөөлнө.
Залуучуудаа мэргэжилтэй, ажилтай болохыг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Мөн дунд насны, урьд нь ажил хийж байсан ард иргэдээ дахин мэргэшүүлж, ажилтай болоход нь тусална.
Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засгийн хувьд ашигтай байсан ч байгаль орчинд халтай бол тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзана.
Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл, олон нийтийн ажилд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахыг хориглоно.
Орон нутагт, ялангуяа, орон нутгийн Иргэдийн хуралд улс төрийн болон төсөв хөрөнгө, татвар, санхүүгийн эрх мэдлийг шилжүүлнэ. Хүн бүхэн байгаа суугаа газраа бүтээлчээр хөдөлмөрлөж, баялгаа эзэмшиж, орлоготой, сэтгэл ханга¬луун амьдрах нөхцөл бүрдүүлнэ.
Төрийн алба болон хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа иргэдэд шударгаар, нэр төртэй ажиллах боломж олгоно.
Оюутанд сар бүр цалин олгоно
Оюутнуудаар дамжуулж боловсролын салбарыг өөрчилнө. Оюутнуудын төлбөрийг гар дээр тавьж, сар бүр цалин олгоно. Тэдэнд сонголтын эрх чөлөө бий болгоно. Сайн багш, сайн сургуулиа оюутнууд сонгож суралцдаг байхыг дэмжинэ.
Монгол хүний аюулгүй байдлыг Монгол Улсын аюулгүй байдал гэж үзнэ. Ард иргэдээ эрүүл, боловсролтой сайн хүн болж төлөвшихөд нь төрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлж ажиллана.
Төрийн уламжлалт гадаад бодлогыг хадгалж, ялангуяа, хоёр хөрштэйгөө найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.
Улс орондоо шударга ёсыг тогтоож, иргэддээ эдлэх ёстой эрх, эд баялагтаа эзэн байх боломжийг олгож ард түмэнтэйгээ амь нэг байна. Ахмадууд, залуучууд, хүүхдүүд, эхчүүд, эмэгтэйчүүд, байгаль орчинд ээлтэй, өгөөжтэй бодлого хэрэгжүүлнэ.
Ард түмэндээ хэрэгтэй үед нь тусалдаг Ерөнхийлөгч байна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: