эх сурвалж: www.orloo.info
Биеэ үнэлэх гэдэг чинь их эртний "мэргэжил" юм гээ биз дээ. Одоо хэр нь эр эмгүй биеэ үнэлдэг, их ч орлоготой байдаг, "амь бөхтэй" мэргэжил хэвээрээ. Гэхдээ энэ удаа яг тэр "классик" биеэ үнэлэгчдийн тухай ярих гэсэнгүй, арай өөр төрлийн "биеэ үнэлэгчидийн" тухай хэрүүл өдөж, маргаан дэгдээе гэж бодлоо. Төрсөн бие, махан бодио үнэлдэг хүмүүстэй зэрэгцээд, тэд нараас дутахгүй орлоготой шинэ төрлийн "биеэ үнэлэгчид" сүүлийн үед Монголд олширч, ямар ч хуулиар зохицуулах аргагүй болж байх шиг байна. "Сонгодог" биеэ үнэлэгчидийг бол харин тусгай хууль дүрмээр зохицуулаад , дураа хүрвэл Цагдаагийн "Эрвээхэй" гэх мэтийн үйл ажиллагаагаар үе үе гэнэдүүлээд хашраагаад байж болдог байтал энэ шинэ маягийн биеэ үнэлэгчдийг яаж ч чадашгүй нь. Шинэ төрлийн бие үнэлэгчид маань харин онцлог нь аятайхан зүс царай, бие хаатай , нас залуу байх ! шаардлагагүй боловч гол тавигдах шаардлага нь олонд танигдсан, алдартай "од" байх явдал юм байна.
Би энд урлаг, спортын од болсон бие үнэлэгчдийн тухай ярих гээд байна. Улстөрч хүмүүс дотор бас "улс төрийн янхан" гэгдэх биеэ үнэлэгчид байх боловч эдгээр хүмүүс чинь миний ярих гээд байгаа "биеэ үнэлэгчидээс" тэс өөр төрлийн "янханууд" юм шүү. Энэ өгүүллийн гол баатрууд маань уг нь бол улс төртэй ямар ч холбоогүй улсууд бөгөөд харин улс төрчдөд, улс төрийн ямар нэгэн байгууллагад "биеэ үнэлж" явдаг хүмүүс юм. Эд нар барагтай бол улс төрийн "бизнест" хөл тавихгүй боловч үе үе улс төрийн томоохон арга хэмжээний үеэр мөнгө хийдэг "янханууд". Сүүлийн үеийн тодроод байгаа шинэхэн "биеэ үнэлэгчид" гэвэл Бээжингийн олимпоос алтан медаль авчирсан боксчин Бадар-Ууган, жудоч Түвшинбаяр нар байна.
Олимпийн аварга болоод ирэнгүүтээ шууд "Хөдөлмөрийн баатар" болоод л гарцаагүй биеэ үнэлэхээс өөр "аргагүй байдалд" орсон юм уу даа. Насаараа барилдаж, гадаад дотоодод мөн ч олон удаа Монголынхоо нэрийг гаргаж байсан алдарт аварга Баянмөнх саявтархан л "Хөдөлмөрийн баатар" болсон дог. Үүнтэй харьцуулахад ийм амархан "Баатар" цолыг авсан хүмүүс чинь "биеэ үнэлэхээс" яахав. Төлбөрийг нь урьдчилаад хангалттай өгчихсөн юм чинь үйлчлүүлэгч нь хаана очиж улаан нүүрээ улалзуулж байгаад намайг магтан дуул гэнэв тийшээгээ үг дуугүй явж таараа. Дээр үед Манжийн хаан отго жинсээр шагнаж, өөртөө дагалдан баясагчдыг бий болгож , Монгол ноёдыг уралдуулдаг байсан шиг өдгөө бас тийм аргаар баруун солгойгүй цацах шагнал , цол хэргэмд булуулсан олны алдартангууд маань иймэрхүү байдлаар "биеэ үнэлээд" аль их мөнгө, шагнал амласанд нь үйлчилдэг болжээ. Тэдэнд ичих нүүр, өөрийн гэсэн бодол , бардам зан гэж алга болжээ. Тэд нар улаан нүүрээ , зовж олсон алдар нэр хүндээ, ард түмний хайр хүндэтгэлийг хэдэн халтар төгрөгөөр арилжаад, өнөөдрийн хувийн жаргалаа бодож бэртэгчин царайлцгаах нь гутмаар. Тэдний хувьд хэнийг рекламдах нь чухал биш, хэн хэдэн төгрөг гялайлгаж байгаа нь гол болж байна.
Чөтгөр шулам байсан ч дагаад салбаганах бололтой. Социализм "байгуулж" байх үед ингэж биеэ үнэлэх шаардлагагүй байж дээ, амар. Угаасаа бүгд л ганц эзнээ, ганц намаа магтан дуулах үүрэгтэй байсан болохоор тэр. Гэтэл одоо олон субьект (үйлчлүүлэгч ) бий болоод бүгд л өөрсдийгөө магтуулах, олны танил нүүр царайг ашиглаж хүмүүсийг өөртөө татах сонирхолтой болжээ. Тэгээд л манай урлаг спортын "одод" хэн их мөнгө амласан руу нь гүйж байна. Нөгөө өөрсдийг нь хүндэлдэг, тахин шүтдэг ард түмэн нь үүнийг нь хараад хоорондоо хуваагдаад хэрэлдэж өгч байна. Ингэж хэдэн халтар төгрөгөөс болж нэр нүүрээ барж, шүтэн бишрэгчдээ талцуулж байх хэрэггүй л баймаар.
Энэ "одууд" маань зөвхөн бид нарт, ард түмэнд л "биеэ үнэлэх" ёстой болохоос аль нэг улс төрийн хүчин, нэр дэвшигчийн "өмч" болох ёсгүй бус уу?
Хувь хүний хувьд улс төрийн ямар баримжаа, үзэл бодолтой байх нь тухайн хүний хувийн асуудал боловч үүнийгээ зөвхөн сонгуулийн үед илэрхийлээд, бусад үед ингэж илэрхий "улс төржиж" , аль нэг нэр дэвшигч , намыг рекламдах нь маш зохимжгүй бөгөөд буруу. Манай улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид ч гэсэн олонд танил хүний улаан үрчгэр нүүрийг бамбай болгон ашиглаж, нэрийнхээ хуудас болгодогоо болимоор юм. Би энд зөвхөн улс төрөөр албан ёсоор "занимаалддаггүй" урлаг спортын алдартангууд, танил хүмүүсийг хэлж байгаа гэдгийг болгоогоорой.
Аль хэдийн "улс төрч" болчихсон Бат-Эрдэнэ аварга, сумоч Батбаяр нар бол хэн гэдэг нэр дэвшигчээ дагаад юу гэж донгодож явах нь тэдний асуудал бөгөөд "уул шугамандаа" бол тэд нарт зохиж байгаа юм. "НҮБ-ын дуучин" Ариунаад бол зохихгүй байна гэж хэлээд байна л даа. Бусад хамтлаг дуучид ч мөн ялгаагүй ингэж мөнгөний төлөө "улс төрждөг" явдлаа зогсоож, улс төрийн хүчнүүд, тэдгээрийн нэр дэвшигчид өөрсдийнхөө нүүрийг "ард түмний өмч" болсон хүмүүсийн нүүрээр тахлахаасаа татгалзаж, харин эсрэгээр ухаан бодол, уран үгээрээ мэтгэлцэн ном хаялцаж сонгогчдынхоо толгойг "эргүүлж" сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид чинь одоо яах болж байна? Ариунаа тэр намын шоу дээр ирсэн харагдана лээ, бас Түвшинбаяр тэр нэр дэвшигчтэй үнсэлдэж байна лээ, тэгэхээр тэр нам буюу нэр дэвшигчид саналаа өгөх нь зөв юм байна гэж ойлгох юм уу? Хэдий муу ч сонгогчдоо арай дэндүү басамжилж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байхаа.
Хэрэв "биеэ үнэлэгчдийн" чансаа, рейтингээр сонгогчдын саналыг "худалдаж" авдаг энэ уламжлал үргэлжлээд байвал биеэ үнэлэгчдийн "бизнес" улам галзуурч, сонгуулийн мөн чанар болон нэр дэвшигчийг сонгон шалгаруулах утга учир алдагдаж, үзэмж ба мөнгөөр шийддэг явдал арилахгүй бизээ. Энэ тухайд хаана хаанаа тунгаавал яаж байна? Сонгогч ард түмэн ч гэсэн энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж, ямар нэгэн урлаг спортын "одыг" харж, тоглолтыг нь үзэж баясахаасаа илүү тухайн нэр дэвшигч, намын тухай асуудлаар ухаж төнхөж, лавлаж байцааж байвал зохистой бус уу?
Амь , амьдралаа шийдэх юман дээр арай "серьёзный" хандмаар юм даа.
Н.Мэндбаяр 4/29/09

Сэтгэгдэлүүд:
http://demonstrate.blog.banjig.net/post.php?post_id=179008
yanhnuud duusahgui dee,
Сэтгэгдэл үлдээх: